Хайртынхаа нүд рүү эгцлэн харах хэр чухал вэ?

Ихэнх эмэгтэй хүмүүс ямар нэг чухал зүйлийн хариу, эсвэл үнэн худлыг асуухдаа хамтрагчаа нүд рүү нь харахыг хүсдэг. Энэ нь ямар нэг ариун тангараг, эсвэл үнэн худлыг шалгах шалгалттай адил гэж үзэх бөгөөд нүд рүү эгцлэн харах нь үнэнээ хэлж байгаа гэсэн үг гэж боддог. Эмэгтэйчүүд нүдний контактыг харилцаагаа сайжруулах зам гэж үздэг бол эрэгтэйчүүд эрх мэдлийн баталгаа гэж үздэг байна.

Төрөхөөс өмнөх хүйсийн ялгаа
Судалгаагаар эмэгтэй хүмүүс нүдний контактыг зөвшилцөлд хүрэх хэрэгсэл гэж үздэг байхад эрчүүд хүч чадлын хил хязгаар гэж үздэг нь тогтоогджээ (Cвааб ба Свааб, 2009). Хамгийн сонирхолтой нь энэхүү хүйсийн ялгаа маш эрт буюу хэдэн-хоногтой нярай хүүхдүүдэд ч ажиглагдаж байсан юм. Охидууд багаасаа нүдний контакт тогтоож, барьж чаддаг бол хөвгүүд амьгүй зүйл рүү харахыг илүүд үзэж байсан байна (Гиери, 2002). Нийгмийн харилцааны чадвартай холбоотой тархины бүтэц хүйсээс хамааран ялгаатай байдаг ба хүүхэд байхаас эхлээд насанд хүрсэн үед ч хэвээрээ байдаг. Эмэгтэй хүмүүс олон хүнтэй арга хэмжээнд илүү тухтай байж, амархан дасдаг бөгөөд харилцааны бэрхшээлүүдийг сайн давдаг байна.
Харин эрэгтэй хүмүүс сэтгэл хөдлөлөө ярилцаж, дэлгэхийг бэрхшээлтэй зүйл гэж үздэг бөгөөд эрэгтэй хүнээс мэдрэмжээ хуваалцахыг хүсэхэд өвдөлтийг хариуцдаг тархины хэсэг идэвхжиж байгаа нь судалгаагаар гарчээ.
Эдгээр судалгааны хариунаас бид өдөр тутмын амьдрал болон харилцаандаа хэрхэн тусгаж авч болох вэ? Бид эрэгтэй, эмэгтэй хүмүүс санаж авах 4 сургамжийг үүнээс гаргая:

Эмэгтэйчүүдэд хэлэх 4 сургамж:

1.    Эрэгтэй хүнээс үнэнээ хэлэхдээ нүд рүү чинь харахыг хүсэх нь маш ихийг шаардаж буй хэрэг гэдгийг ухаар! Нүд рүү тань харах нь илүү сайн харилцаа тогтоож байгаа хэрэг гэдгийг энгийн бөгөөд шулуунаар тайлбарлан хэлэх нь гуйж, шаардахаас илүү үр дүнтэй гэдгийг санаарай.
2.    Эрэгтэй тархи өөр олон талаараа эмэгтэй хүнээс илүү байхаар бүтээгдсэн гэдгийг хүлээн зөвшөөр. Эрэгтэй хүүхдүүд хэлд орох, нийгмийн харилцаа хүсэх тал дээр удаан, тэр бүү хэл тоглох байдал нь ч ондоо. Ялгаатай байдлыг нь шүүмжлэх биш, хүлээн зөвшөөрч сураарай.
3.    Эмэгтэй хүн бусдын сэтгэл хөдлөл, нүүрний хувирал, нийгмийн байдал гэх зэргийг хамтрагчаасаа илүү мэдрэх хандлагатай. Энэ чадвараа хамтрагч тань сэтгэлээ нээж, нүдний контакт үүсгэхэд бий болж буй бэрхшээлийг нь ойлгоход ашиглаарай.
4.    Ялгаатай байдлаа талархан хүлээн авч, түүнд өөрийгөө нээхэд нь шаардлагатай байгаа орон зайг олго.
Эрэгтэйчүүдэд хэлэх 4 сургамж:

1.    Хайртад тань нүдний контакт хэр чухал болохыг мэдэж, хэдийгээр та хоёрын харилцаа эрүүл, дотно байсан ч нүүр тулан ярилцах, нүдний контакт үүсгэх өөрт чинь хэр хэцүү байгааг ойлгуулаарай.
2.    Эмэгтэй хүн харилцаа, харилцан хамаарал хүсдэг ба нүдний контакт нь чин сэтгэлийн холбоо үүсгэх зам байдаг. Таны нүд таны хамтрагчийн хувьд зүрх сэтгэлийн чинь цонх юм.
3.    Эрэгтэй хүн хамтрагчаасаа илүү өөр бусад руу гөлрөх хандлагатай байдаг ба ингэх нь эрх мэдлээ батлах нэг арга ч болох нь бий. Гэхдээ хэт удаан гөлрөх нь эмэгтэй хүнд таагүй байдаг. Эмэгтэй хүн нүдний контакт түрүүлж үүсгэдэг ч түрүүлж болих хандлагатай. Нүдний контактаар хэлдэг өөр өөр мессежүүдийг мэдэж ав. Хамтрагч руугаа гөлрөх биш, түүн рүү ширт.
4.    Та болон таны хамтрагч нүдний контактыг хэр чухалд үздэг ялгааг хүлээн зөвшөөр. Хэрэв тэр таны өгч чадахаас илүүг хүсч байвал түүнийгээ хэл. Сэтгэл хөдлөл, мэдрэмжээ хуваалцах нь танд хэцүү ч нүд рүү нь харж, зүрх сэтгэлээ дэлгэхгүй байх нь хамтрагчид тань мөн адил хэцүү гэдгийг санаарай.

Ц.Цэрэндолгор